Коосэн сургалтын хөтөлбөр

http://www.zoofirma.ru/

Улс орны эдийн засгийн хөгжилд инженер, технологийн мэргэжилтэй боловсон хүчний гүйцэтгэх үүрэг асар их бөгөөд энэ чиглэлийн их сургуулиудын сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагааг бэхжүүлэх замаар аж үйлдвэрийн салбарт хэрэгцээтэй байгаа мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, тэдний мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд тодорхой хугацаа шаардагддаг.

Монгол улсын хувьд эдийн засгийн хөгжлийн тэргүүн эгнээнд зогсон, аж үйлдвэрийн салбарт ажиллах инженер, технологийн мэргэжилтнүүдийг түргэн хугацаанд бэлтгэх хэрэгцээ шаардлага зүй ёсоор тулгарч байна.

Энэхүү хэрэгцээ шаардлагыг хангах, аж үйлдвэрийн салбарын чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх үүднээс инженер, технологийн чиглэлээр мэргэжил эзэмших хүсэлтэй залуучуудад Японы Коосэн сургуульд суралцах боломжийг олгох зорилгоор “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Коосэн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Төсөл хэрэгжих хугацаанд Коосэн сургалтын хөтөлбөрөөр дамжуулан инженер, технологийн мэргэжлээр суралцах хүсэлтэй нийт 200 оюутныг Японы Коосэн сургууль буюу үндэсний технологийн коллежид суралцуулахаар төлөвлөсөн.

Уг сургалтын хөтөлбөрийг дараах хоёр чиглэлд хуваан авч үзнэ. Үүнд

1. ШУУД ЭЛСЭН СУРАЛЦАХ ХӨТӨЛБӨР (Track 1)

2. БЭЛТГЭЛ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР (Track 2)

Суралцагчдад тавих шаардлагыг бүрэн хангаж, элсэлтийн шалгалтад тэнцсэн оюутан нь ШУТИС дээр хэрэгжиж буй Япон хэлний түргэвчилсэн сургалт бүхий 1.5 жилийн хугацаатай Бэлтгэл сургалтын хөтөлбөрт элсэн суралцана.

Энэхүү бэлтгэл сургалтын төгсгөлд Японы их, дээд сургуульд элсэн суралцах шалгалт өгч тодорхой түвшин хангасан тохиолдолд Коосэн сургуулийн 3-р курст шилжин 3 жил суралцаж, бакалаврын өмнөх техникийн боловсрол эзэмшинэ.

2014-2015 оны хичээлийн жилд ШУТИС-ийн хичээлийн II-р байранд нийт 7 багш (Япон хэлний 5 /Үүнээс Монгол багш 3, Япон 2/, Математик, Физик, Химийн 2 /Япон багш/), 46 оюутантайгаар хичээллэсэн.

ГОЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ:

Механик инженерчлэл  Цахилгаан электроник  Мэдээллийн сүлжээний инженерчлэл Материалын инженерчлэл Архитектур Барилгын инженерчлэл

Коосэн сургалтын хөтөлбөрийн элсэлтийн график

СУРГАЛТЫН ТӨЛБӨР, АМЬЖИРГААНЫ ЗАРДАЛ

Монголд суралцах 1.5 жилийн хугацаатай Бэлтгэл Коосэн хөтөлбөрийн сургалтын төлбөрийг оюутан өөрөө хариуцна. Шууд Коосэн болон Бэлтгэл Коосэн хөтөлбөрөөр Япон Улсад суралцах хугацааны сургалтын төлбөр, амьжиргааны зардал, Японд зорчих онгоцны тийзийн зардал зэргийг Сургалтын төрийн сангийн зээл хэлбэрээр олгоно.

Шууд Коосэн болон Бэлтгэл Коосэн хөтөлбөрөөр Япон Улсад суралцсан оюутан нь сургуулиа төгссөний дараа эх орондоо өөрийн эзэмшсэн мэргэжлээр 5-аас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан тохиолдолд уг зээл нь тэтгэлэг болох бөгөөд оюутан өөрөө хүсвэл ажиллах хугацаандаа ШУТИС-тай байгуулсан гэрээний дагуу нэмэлт сургалтад хамрагдан бакалаврын зэрэг авах боломжтой.

Цаашид Коосэн сургуулийг төгсөгчдийг ажлын байраар хангах үүднээс Япон улс руу явахаас нь өмнө ажлын байрны гэрээ хийхэд нь зуучлах, баталгаажуулах, эсвэл үйлдвэр, аж ахуйн нэгжид ажиллаж буй хүмүүсийг Коосэн хөтөлбөрт хамруулах арга хэмжээ авах зэрэг боломжуудыг судалж үзнэ.

Бүртгүүлэх